Сүүлийн хэдэн сарын турш нэгэн зүйл миний санааг зовоосон нь линукс хэрэглэгчдийн бүлгийн маань өнөөгийн байдал. Линукс маань өөрөө хэн нэгэн эсвэл аль нэгэн компаний хараат бүтээгдэхүүн бус харин интернэтийн үй түмэн хэрэглэгч, хөгжүүлэгчдийн өмч, бүтээл учир тэр бүгдийн хайр хүндлэл, хүчин зүтгэлийн үндсэн дээр оршин тогтнож, амьдарч байдаг билээ. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн туршлагаасаа бусадтайгаа хуваалцаж, чаддаг нь чаддаггүйдээ туслаж, дэм дэмэндээ дээс эрчиндээ гэсэн зарчмаар явна. Ийм л замаар линукс маань сүүлийн арван долоон жил хөгжиж өнөөгийн түвшинд хүрсэн нь нууц биш. Гэтэл бид энэ зарчмыг нэг л хэрэгжүүлж чадахгүй байх шиг.
Бүлгүүдийн үүсэл ба уналт. Бид анх OpenMN баг гэж байхад линукс хэрэглэгчдийн бүлгийг байгуулан ажиллаж байсан ч тодорхой хэдэн шалтгаанаас (би хувьдаа мэдэж байгаа) болж нурсан. Дараа нь юникс хэрэглэгчдийн бүлэг гээд үүсч үүндээ юникс гэж нэртэй бүх үйлдлийн системийн хэрэглэгчдийг нэгэн дээвэр дор нэгтгэхийг эрмэлзсэн. Бас л тодорхой хэдэн шалтгаанаас болж нурсан, үүнд нь би өөрөө ч өөрийн мэдэлгүй түлхэц өгсөн. Сүүлд нь liMNux гэдэг нэртэй линукс хэрэглэгчдийн бүлэг байгуулагдсан боловч бас л тодорхой хэдэн шалтгааны улмаас амжилт (миний санасан) олж чадаагүй л байна. Энэ бүх түүхийг эргээд харахад эхний удаад линукс маань маш түүхий бас ашиглахад маш хэцүү байсан дээрээс нь ихэнх нь оюутан байсан тул цаг зав муу. Өөрсдөө ч бусдад зааж зөвлөж байх туршлагагүй ч хэрэндээ их хичээцгээсэн, тодорхой амжилт олсон. Юникс хэрэглэгчдийн бүлэгт маань цөөн ч гэсэн туршлагатай хэрэглэгчид байсан болохоор өмнөхөө бодвол илүү амжилттай байсан болов уу. Гэвч гишүүд нэмэгдэхийн хэрээр шинэ шаардлага, боломжууд хэрэгтэй болсон ч энэ нь бараг л хаалттай байсан тул төдийлөн цаг үетэйгээ нийлж томорч чадаагүй юм. Хэдий тийм ч бид тэнд жинхэнэ нөхөрлөл үүсгэж, нэг нэгдээ туслаж, цомхон ч гэсэн хүчтэй баг бүрдүүлж чадсан. LiMNux дээр бас өмнөх алдаа давтагдахаас гадна энэ олон хуваагдлын эцэст залуус маань хаашаа хандахаа мэдэхээ байсан шиг санагддаг юм. Миний нэг гайхдаг юм нь бас би өөрөө ч өөрийн мэдэлгүй автдаг зүйл нь талцал хуваагдал. Сав л хийвэл талцаж хуваагдаад тал тал тийшээ хараад суучихна, нэг нь зөв юм хийсэн ч нөгөө нь дэмжихгүй. Энэ их сонин үзэгдэл.
Нээлттэй эхийн шинж, зарчим. Нээлттэй эхийн маань өөрийн шинж нь ямар нэг өмчлөлд байдаггүй, харин хамт олны өмч юм. Хэн нэг нь үүсгэж болно, нэг хэсэг манлайлж болно гэхдээ ажлаа хийж чадахгүй байгаа бол дараагийн хүндээ халаагаа өгөх л ёстой. Гэхдээ өмчлөлгүй гэдэг нь нэг нэгийгээ дээрэмдэж, булаах нэр биш харин бөөнөөрөө асуудлыг ярилцаж, хэлэлцэж, санал хурааж байж шийд гаргана. Бултаараа хэлэлцвэл буруугүй гэдэг байхаа. Энэ маягаар халаагаа өгч, шинэ үеийнхэн байнга төрөн гарч ирж байдаг. Харин бидний аливаа юмыг өмчлөх дуртай зан нь энэхүү урсгалыг саармагжуулаад байх шиг. OpenMN чинь Бадралынх, юникс чинь g0mb0-ынх, харин тэр линукс чинь Дөлөөгийнх гэсэн ш дээ гэж ярих нь холгүй, ингээд бас өөрсдийгөө хаах юм. Бас би бүлэгт чинь элсэх гэсэн юм намайг бүртгэж авах уу, төлбөр ёлбор нь хэд вэ гэж асууна. Үгүй ээ, энэ чинь нээлттэй эхийн төслүүд, бүлгүүд хэн ч нээлттэй, хэн ч элсэж болно. Та тэнд дарга байна уу, гишүүн байна уу эсвэл хэн ч байсан асуудал босгож, хамт хэлэлцэж болно.
Өнөөдрийн байдал. Дэлхий дахинд линукс маань хүчээ аваад олны анхаарлын төвд орчихлоо. Үүнээс болоод ч тэр үү сүүлийн үед хүүхэд залуус маань линуксыг сонирхон судлах нь нэмэгдэж байна. Бас удахгүй бид 20000 бяцхан линукс хэрэглэгчдээ хүлээн авах гэж байна. Гэтэл тэднийгээ өлгийдөн авч, анхны нислэгийг нь хийхэд туслах ёстой линукс хэрэглэгчдийн бүлэг маань нэг л бишээ, амьд үхсэн нь мэдэгдэхгүй. Хувьдаа анх туршлагагүй болохоор туслаж чаддаггүй байсан бол одоо туршлагагүй байх ямар байдгийг ер нь мартагнаж байх шиг. Шинэ сонирхогч, хэрэглэгчдэд юу хэрэгтэй байгааг ойлгож чадахгүй байх шиг. Та нарт маань ямар тусламж хэрэгтэй байна вэ? Цаашид энэ бүлгийг хэрхэн авч явах вэ? Энэ асуудлаар тун удахгүй зарлагдах Open Beer Party дээр ярилцахаар төлөвлөж байгаа. Хараахан хаана хэзээ гэдгээ шийдээгүй байна. Гэхдээ хэрэв та линукс сонирходог бол, хэрэглэдэг бол эсвэл тийм найз нөхөд байгаа бол зарлагдахаар нь яваад очоорой, бүгдээрээ хамтдаа ярилцъя, хэлэлцье тэгээд асуудлыг шийдье. Танд ямар ч санаа эсвэл бэрхшээл байж болно, бид олуулаа чадна. Одоо ч гэсэн сэтгэгдэл хэлбэрээр үлдээж болно шүү дээ. Нээлттэй эхийн тоглоомын дүрэм их хялбар, хожигдвол бүгдээрээ хамтдаа хожигдоно, ялвал бүгдээрээ ялна.
Сэтгэгдэл
hi
unshlaa end neg yum ajiglagdlaa er ni hun yug ashiglaj yu sursnaa bugded huvaaltsaad yavdag ni unen l de gevch bidnii bas neg muu zan ban aa yu ve gevel uur uursdiinhuu ashiglaj sursan zuiliig busdad shahchih geed uzeed bdag ter hun yu ashiglaj bgaa ni bidend chuhal bishee harin LINUX iin undes tsom ni adilhan biz de RED HAT ssuritai DEBIAN suuritai gej l sonsson bolohoos bugd bie bieneesee shal uur yum bh bish ter hun yu medej bna teruun deer ni yu zovolmoor bna tegeed l boloo eroosoo amarhan biz dee bidend zaaval neg yum hiihed ene n ni iluu amar ene ni hetsuu ene ni muu gesen yum bhgui hedii yag unen bol bid expertuud bish bugd l sonirhogch bolohoor uuniig oilgoh baih
шахах арай биш
би зөв ойлгосон бол шахах арай биш байх. бид өөрт хэрэгтэй эсэхийг мэдэлгүйгээр үсэг заалгадаг, дараа нь тэрийгээ яаж ашиглахыг сурчихаад өөр өөрийн хэрэгцээ, чиглэлээр сонгон сурдаг. үүнтэй л адил. хэрэв нэг хүн огт линукс мэдэхгүй байвал түүнд нь өөрийн ашиглаж үзсэн, амжилттай хэрэглэж байгаа, ашиглахад хялбар гэсэн тархацыг санал болгоно. ашиглах явцдаа үндсийг нь ойлгоод өөр систем рүү шилжих сонголт үргэлж нээлттэй. бас нэг санал болгох шалтгаан нь бараг ижил систем ашиглаж байх тул тусламж үзүүлж, асуултанд хариулахад ч арай хялбар байдаг юм. хэдийгээр линукс тархацуудын ажиллах зарчим ижил ч суулгах арга, системийн тохиргооноос авахуулаад зорилго нь хүртэл ялгаатай байдаг. зөвхөн ерөнхий ажиллагааны түвшинд л адилхан. XO ашиглаж байж бүх линукс адилхан гээд XO-ийн юм хамаагүй заагаад байж болохгүй байх.